
Өглөөний цайнд дэлхий нийтээрээ сонгох болсон овъёос нь бета-глюкан хэмээх усанд уусдаг эслэгээр баялаг, эрүүл мэндийн супер хүнс юм. Сүүлийн үед хүмүүс жин хасах болон цусан дахь сахараа хянах зорилгоор үүнийг ихээр хэрэглэх болсон ч овъёосны төрөл болон боловсруулалтын ялгааг тэр бүр мэддэггүй.
Овъёос нь Avena sativa төрлийн үр тариа бөгөөд гадна талын хатуу хальсыг нь авсан ч үр хөврөл болон хивэг нь хэвээр үлддэг бүхэл үр юм. Түүний гол найрлага болох бета-глюкан нь хоол боловсруулах замд вазелин шиг өтгөн хэлбэрт шилжиж, ходоод сулрах явцыг удаашруулдаг. Ингэснээр глюкозын шингээлтийг сааруулж, инсулины огцом өсөлтөөс сэргийлдэг байна. Мөн уураг, магни, цайр, төмөр, В бүлгийн витамин болон антиоксидантаар баялаг байдаг.
Овъёосны нэвс (Oatmeal) нь овъёосны үрийг боловсруулж, идэхэд бэлэн болгосон хэлбэр юм. Боловсруулах аргаасаа хамаарч цусан дахь сахарт үзүүлэх нөлөө нь өөр өөр байдаг.
Стийл-кат овъёос (steel cut oats) нь үрийг нь няцлахгүйгээр зөвхөн хурц ирээр хэд хэдэн хэсэг хуваасан хэлбэр бөгөөд боловсруулалт хамгийн бага, бүтэц нь хатуу байдаг. Энэ нь шингэц хамгийн удаан тул цусан дахь сахарыг хамгийн тогтвортой барьдаг ч болгоход хорин минутаас дээш хугацаа шаардагдана. Роллд овъёос (rolled oats) буюу бидний сайн мэдэх нэвс нь үрийг уураар жигнэж зөөлрүүлээд, хүрдээр индүүдэж хавтгай болгосон хэлбэр юм. Энэ нь хэрэглэхэд хялбар бөгөөд эрүүл мэндийн ач тусын хамгийн сайн тэнцвэр болдог.
Квик овъёос (quick oats) нь роллд овъёосыг дахин жижиглэж, нимгэлж няцлаад маш хурдан болдог болгосон хэлбэр бөгөөд боловсруулалт их учраас цусан дахь сахарыг хурдан өсгөх эрсдэлтэй байдаг.
Овъёос нь эслэг болон магнигаар дамжуулан инсулины мэдрэг чанарыг сайжруулж, бодисын солилцоог тогтворжуулснаар цусан дахь сахрыг хянахад тусалдаг. Жин хасах хүсэлтэй хүмүүст цатгалан мэдрэмжийг удаан төрүүлж, өөхний солилцоог дэмждэг давуу талтай. Түүнчлэн бета-глюкан нь цөсний хүчилтэй нэгдэж, муу холестериныг биеэс гадагшлуулдаг ач холбогдолтой.
Өдөрт гучаас тавин грамм овъёос хэрэглэх нь зохистой хэмжээ бөгөөд эслэг их тул ус сайн уух шаардлагатай. Зөвхөн сүүнээс гадна тахианы цээж мах, далайн байцаа зэрэгтэй хольж агшаамал хэлбэрээр идвэл илүү амттай, өгөөжтэй байдаг. Ерөнхийдөө овъёос бол бүхэл үр, харин овъёосны нэвс бол түүний боловсруулсан хэлбэр юм. Хэрэв сахараа хянах гэж байгаа бол Стийл-кат эсвэл Роллд овъёосыг сонгох нь зүйтэй.
Овъёосыг боловсруулах явцад үрийн хамгийн гадна талын давхарга буюу хивэгийг тусад нь ялгаж авдаг. Энэ хэсэг нь ердийн нэвснээс илүү их хэмжээний бета-глюкан агуулдаг тул цусан дахь сахарыг тогтворжуулах, холестерин бууруулах үйлчилгээ нь илүү хүчтэй байдаг. Мөн төмөр, магни, фосфор болон антиоксидантын агууламж нь үрийн гол хэсгээсээ илүү өндөр юм. Хэрэв та цусан дахь сахарын хэмжээгээ маш нарийн хянах шаардлагатай байгаа эсвэл хоол боловсруулах замын үйл ажиллагаагаа дэмжихийг хүсэж байвал овъёосны хивэг нь хамгийн шилдэг сонголт болно. Овъёосны төрлүүд дотроос хамгийн их эслэг, шим тэжээлийг авахыг хүсвэл овъёосны хивэгийг туршаад үзээрэй.

